“6/42” ЛОТТОНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх)-өөр нэг талаас Монгол  Улсад эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөлтэй “МПЕРС” ХХК-ийн  “642ЛОТТО” платформ болон “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК -ийн “Ард” аппликейшн дахь мини апп дээрх “6/42” лоттод бүртгүүлж, ашиглаж буй хэрэглэгч (цаашид “Тоглогч” гэх) нөгөө талаас “МПЕРС” ХХК (цаашид “Компани”, хамтад нь “Талууд” гэх)-ийн хооронд үүсэх Тоглогч “6/42” лоттод оролцох, тасалбар худалдах, худалдан авах, тохиролд оролцох, хонжвор, түүнийг төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь зөвхөн “6/42” лотто /цаашид “Лотто” гэх/-д хамаарна.

1.3. Талууд энэхүү үйлчилгээний нөхцөлийн 1.2-д заасан лоттоны төлбөрийг “642ЛОТТО” платформ болон “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК -ийн “Ард” аппликейшнээр дамжуулан төлнө.

 

ХОЁР. ЛОТТОНД ОРОЛЦОХ

2.1. Дараах шалгуурыг бүрэн хангаснаар Лоттонд оролцох боломжтой болно. Үүнд:

2.1.1.     6/42 Лоттод оролцогч нь энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрөх товч дарсан байх;

2.1.2.     “Ард” аппликейшн болон “642ЛОТТО” платформд бүртгэлтэй зөвхөн 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх;

2.1.3.     Лоттон тасалбар, хонжворын мэдээлэлтэй танилцсанаар тасалбар худалдан авсан байх;

2.1.4.     Нэг удаагийн лоттон тохирлоор худалдан авах нийт тасалбарын үнэ 300,000 төгрөгөөс хэтрээгүй байх.

2.2. Лоттон тохирлыг долоо хоног бүрийн Ням гарагийн өглөө 11:00 цагаас 11:15 хооронд явуулна.

2.3. Тоглогч нь нэг удаагийн тохирлоор зургаан /6/ тооны хослол бүхий хэд хэдэн тасалбар худалдан авах боломжтой бөгөөд 1-42 хүртэлх дугаарын хооронд дурын 6-н тоо сонгоно.

2.4. Тоглогч нь нэг буюу хэд хэдэн тасалбар худалдан авснаар лоттонд оролцох боломжтой болно.

2.5. Тасалбар худалдан авах эрх нь лоттон тохирол явагдах өдрийн 10:40 цагаас дараагийн  тохирол явагдах өдрийн 10:40 цаг хүртэл тогтмол нээлттэй байна.

 

ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ

3.1. Лоттонд оролцогч нь дараах бүрэн эрх үүрэгтэй. Үүнд:

3.1.1.        Худалдан авсан тасалбарын дугааруудыг харах;

3.1.2.        Худалдан авсан тасалбараа өөр хүнд бэлэглэх;

3.1.3.        Худалдан авах тасалбараа АрдКойноор хөнглөх;

3.1.4.        Тохирлын мэдээлэлтэй танилцах;

3.1.5.        Өөрийн хожсон хонжворын мэдээлэлтэй танилцах;

3.1.6.        Өөрийн хожсон хонжвороо Компаниас шаардах, хүлээн авах;

3.1.7.        Оролцогч тасалбарыг аливаа тохиолдолд буцаах боломжгүй байна. 

3.2. Лоттог зохион байгуулагч нь дараах бүрэн эрх үүрэгтэй. Үүнд:

3.2.1.        Тохирол хугацаандаа явах боломжгүй болсон тохиолдолд компани тохирлын товийг   өөрчилж болно.

3.2.2.        Тохиролд МПЕРС ХХК-ийн ажлитан ЖЕКПОТ шагналаас бусад шагналыг хожих эрхтэй байна.

3.2.3.        Бүх тохирлыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулна.

3.2.4.        Лоттоны ялагч тодорсон тохиолдолд Ялагчийн Ард Апп, “642ЛОТТО” платформд бүртгэлтэй утас, цахим шуудан, notification зэргээр мэдэгдэх бөгөөд 6/42 Лотто Facebook хуудсаар дамжуулан нийтлэх.

3.2.5.        Компани нь Ялагчийн өмнөөс эд мөнгөний хонжворт сугалааны татвар /40%/-г хувь хүний орлогын албан татварт суутган хуульд заасны дагуу төсөвт шилжүүлж тайлагнана.

3.2.6.        Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгайлан заагаагүй бол хонжвортой холбоотой хувь хүний орлогын албан татвараас бусад бүх зардал, хураамжийг Ялагч өөрөө хариуцна.

3.2.7.        Компани нь Тасалбар худалдан авалт тутамд Ард аппликейшн болон “642ЛОТТО” платформоор дамжуулан e-barimt олгоно.

 

 

ДӨРӨВ. ЛОТТОНЫ ХОНЖВОР

4.1. Тоглогчийн худалдан авсан тасалбарын шагналын хэмжээ дараах байдлаар байна. Үүнд:

Төрөл

Шагналын хэмжээ

Нэгж тасалбарын үнэ

3,000₮

Жекпот шагнал /Тухайн үед зарлагдсан дүн/

-300,000,000₮+

5-н орон таавал

5,000,000₮

4-н орон таавал

100,000₮

3-н орон таавал

10,000₮

 

ТАВ. ЖЕКПОТ ХОНЖВОР

5.1. Жекпот шагналыг тоглогчийн сонгосон зургаан /6/ тооны хослолын үндсэн дээр олгоно.

5.2. Жекпот шагналын эзэн тодроогүй тохиолдолд Жекпот шагналын хэмжээ өмнөх тохирлын борлуулалтын орлогоос хамааран нэмэгдэнэ.

5.3. Тохирлоор 3,000 төгрөгийн үнийн дүнтэй тасалбарын Жекпот шагналын болзлыг хоёр болон түүнээс дээш тоглогч хангасан тохиолдолд шагналыг тэнцүү хуваарилан олгоно.
Жишээ нь:
3,000 төгрөгийн тасалбараар Жекпот шагнал хожсон 2 ялагч байх тохиолдолд супер шагналыг тэнцүү хуваарилан олгоно.

 

ЗУРГАА. ЛОТТОНЫ ТОХИРОЛ

6.1   Лоттоны тохирлыг явуулахдаа GZQIQI компанийн үйлдвэрлэсэн ISO 9001, OHSAS/ OHSMS 18001 олон улсын шаардлагыг хангасан төхөөрөмжийг ашиглан шалгаруулна.

6.2   Лоттоны тохирол бүрд олон улсын байгууллагаас баталгаажсан 5.1-д заасан төхөөрөмж ашиглан тоглолтын хослол бүхий зургаан /6/ тоог санамсаргүй байдлаар тогтоох бөгөөд уг тоглолтын хослол нь тухайн лоттон бүх шагналын ялагчийг тодруулахад үндэслэл болно.

6.3   Санамсаргүй сонгогдсон 6-н тоо бүхий тоглолтын хослолоор ялагчийг шалгаруулж, хонжворыг олгох тул Лоттон тохирлыг ямар ч тохиолдолд хүчингүйд тооцохгүй.

6.4   Хонжворыг бусдад шилжүүлэх, солих, бараа материалаар дүйцүүлэн олгох боломжгүй болно.

 

ДОЛОО. ЛОТТОНЫ ХОНЖВОР ОЛГОХ

7.1   Жекпот шагналын ялагч болсон тоглогч нь “МПЕРС” ХХК-ийн оффист өөрийн биеэр хүрэлцэн ирж, маягт бөглөн баталгаажуулснаар хонжвор хүлээн авах эрх үүснэ.

7.2   Лоттон ялагчийн хонжворыг зөвхөн Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг үндэслэн олгоно.

7.3   Ялагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 3.2.4-т заасан мэдэгдэл хүргүүлснээс хойш Жекпот шагналын хувьд 36 сард хувааж олгох ба татвар хассан дүнгээр олгоно.

7.4   5-н орон таасан шагналын ялагч болсон тоглогчид шагнал хүлээн авахаар баталгаажуулалт хийснээс хойш ажлын гурав /3/ хоногийн дотор хонжворыг олгоно.

7.5   Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 7.3-т заасан шагналаас бусад бүх шагналыг тохирол явагдсанаас хойш ажлын нэг /1/ хоногийн дотор олгоно.

7.6   Лоттоны хонжвор баталгаажуулах, төлбөр төлөхтэй холбоотой Компанийн шийдвэр эцсийнх байх бөгөөд бүх Тоглогчид заавал биелүүлнэ.

7.7   Лоттон бүх хонжворыг Компани хариуцна.

 

НАЙМ. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

8.1   Компани нь Хэрэглэгчийн овог нэр, имэйл хаяг, утасны дугаар, төрсөн он сар өдөр, хүйс, хэтэвчийн дансны дугаар, Лоттод оролцож буй мэдээлэл, тохирлоос хожсон шагнал, тоо зэрэг хувийн мэдээллийг өөрсдийн мэдээллийн санд хадгална.

8.2   Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг компанийн маркетингийн үйл ажиллагаа, лоттоны зохион байгуулалтад сайжруулалт хийх, шинэ үйлчилгээг санал болгох зорилгын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашиглуулахыг зөвшөөрч байгаа болно.

8.3   Компани нь хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах бөгөөд олон нийтэд зөвшөөрөлгүйгээр эсхүл хуульд заасан эрх бүхий этгээдээс бусад этгээдэд задруулахгүй.

8.4   Хэрэглэгч нь хууль тогтоомжид зааснаар тусгайлан тогтоосон хугацаагаар хадгалахаас бусад энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 7-д заасан өөрт хамаарах мэдээллийг мэдээллийн сангаас устгах хүсэлтийг Компанид гаргаж болно.

8.5   Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 7.4-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор мэдээллийг устган Хэрэглэгчид мэдэгдэнэ.

8.6   Компани нь хүний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгохгүй бөгөөд цуглуулах, ашиглах, боловсруулах явцад санаатай болон санамсаргүйгээр алдах, устгах, өөрчлөх, хуулбарлах, бусад хууль бус ажиллагаанаас хамгаална.

 

ЕС. БУСАД НӨХЦӨЛ

9.1   “МПЕРС” ХХК нь хонжвороос үүдсэн тоглогчдын санхүүгийн эрсдэлийг хариуцахгүй болно.

9.2   Тоглогч нь Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл Тоглогчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.3   Тоглогч нь нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах кодын нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд холбогдох мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, алдсан, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйгээс үүсэх хохирлыг бүрэн хариуцна.

9.4   Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх тохиолдолд хэрэглэгчид 7 хоногийн өмнө мэдэгдэнэ.

9.5   Компани нь Лоттотой холбогдуулан бусад дүрэм, журам, нөхцөлүүдийг баталж болох ба тэдгээрийг цахим хуудаст байршуулснаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг болно.

9.6   Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг Монгол Улсын хуулийн дагуу зохицуулах ба талуудын хооронд маргаан гарвал Монгол Улсын шүүхээр, Монгол хэлээр шийдвэрлүүлнэ.